ХӨРӨНГӨӨР БАТАЛГААЖСАН ҮНЭТ ЦААСНЫ АНХДАГЧ ЗАХ ЗЭЭЛИЙН АРИЛЖААНЫ ЦАНГ ЦОХИЛОО

image

“Омни актив ТЗК” ХХК-ийн нийтэд санал болгон гаргаж буй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжааны цан цохин ёслол өнөөдөр боллоо. Ёслолын арга хэмжээнд Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц, Үнэт цаасны газрын дарга Б.Дөлгөөн, Хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирал Х.Алтай, “Омни капитал ББСБ” ХХК-ийн ТУЗ-ын дарга Ч.Эрэлхэг, “Омни актив ТЗК”-ийн ТУЗ-ын дарга С.Бямбасүрэн, “Апекс капитал ҮЦК” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Лхамдолгор болон холбогдох бусад албаныхан оролцлоо.

Цан цохих ёслолыг нээж Санхүүгийн зохицуулах хорооны Ажлын албаны дарга Т.Жамбаажамц “Санхүүгийн зохицуулах хорооноос дэд бүтцийн байгууллагууд, зах зээлийн холбоод, мэргэжлийн байгууллагуудтай нягт хамтран ажиллаж, хөрөнгийн зах зээлийн зохицуулалтын орчныг олон улсын жишигт нийцүүлэн шинэчлэх, бүтээгдэхүүн, үйлчилгээний нэр төрлийг нэмэгдүүлэх, тэр тусмаа цоо шинэ зах зээл буюу биржийн бус зах зээлийг бий болгох, банкны реформыг хэрэгжүүлэх хүрээнд холбогдох хууль эрх зүйн орчныг бүрдүүлэх чиглэлээр бодлогын томоохон арга хэмжээнүүдийг үе шаттайгаар, цаг тухай бүрт нь авч хэрэгжүүлсний үр дүнд 2021 онд зах зээлийн хөгжлийн суурь үзүүлэлтүүд өсөж, өнгөрсөн 01 дүгээр сард хөрөнгийн зах зээлийн үнэлгээ түүхэн дээд түвшинд буюу 6 их наяд төгрөгт хүрээд байна. Хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасны тухай хууль батлагдсанаас хойш 10 гаруй жилийн хугацаанд зөвхөн орон сууцны зээлээр баталгаажсан хөтөлбөрийн шинжтэй баталгаат үнэт цаасыг хаалттай хүрээнд цөөн тооны хөрөнгө оруулагчдад, худалдахаар гаргадаг байсан. Харин сүүлийн жилүүдэд бусад төрлийн зээл, үүрэн телефоны дараа төлбөрт хэрэглэгчдийн төлбөр, орон сууцны түрээсээр баталгаажсан зэрэг мөнгөн урсгал бий болгох боломжтой хөрөнгөд суурилсан хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг гаргаж байна. Түүнчлэн өнгөрөгч онд банк бус санхүүгийн байгууллагаас арилжаа эрхлэх байгууллагаар дамжуулж, олон нийтэд анх удаа нээлттэй хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг амжилттай гаргасан. Өөрөөр хэлбэл хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь хувьцаа, өрийн хэрэгслийн адил санхүүжилт татах нэгэн төрлийн хэрэгсэл болсноор аж ахуй нэгжүүдээс энэ төрлийн үнэт цаас гаргах сонирхол нэмэгдэх болсон.

Харин энэ удаагийн  хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас нь 3 өөр төрлийн зээлээр баталгаажсан гэдгээрээ онцлог бөгөөд энэ төрлийн үнэт цаасны салбарт шинэ бүтээгдэхүүн болж байна. Санхүүгийн зохицуулах хороо цаашид ч хөрөнгөөр баталгаажсан үнэт цаасыг бүртгэх, үнэт цаас гаргагчид тусгай зөвшөөрөл олгох харилцаатай холбоотой журмыг зах зээлийн өнөөгийн нөхцөл байдал, олон улсын жишигт нийцүүлж илүү таатай, тодорхой, ойлгомжтой болгох зорилгоор зах зээлийн мэргэжлийн оролцогчдынхоо саналыг авч, журмын төслийг боловсруулж байна” гэдгийг онцолсон юм.